Чимээгүй алуурчинтай тэмцэе

Артерийн даралт ихсэх өвчин

Тээр жилийн зун би Анагаахын сургуулийн 3-р курсыг дүүргэж амралтаараа нутагтаа ирж билээ. Саахалт айлын ахын артерийн даралт ихэсдэг тул хааяа ирж даралтаа үзүүлж зөвлөгөө авдаг байсан юм. Тэр ах 36 настай, залуухан боловч даралт их өндөр (160/110) байдаг. 3-р курст зүрх судас судлалын хичээлээр артерийн даралт ихсэх эмгэгийн тухай орсон учраас даралт ихсэх өвчний 2-р хэлбэр байх магадлал өндөртэй хэмээн бодов. Энэ хоёрдогч хэлбэрийн үед тархинд цус харвах хүндрэлд өртөх магадлал илүүтэй тул даралтаа маш сайн хянах шаардлагатай. Хэрвээ боломж байвал Улаанбаатар хот руу очиж 2-р хэлбэрийн шалтгааныг нарийн оношлуулж эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлэв. Тухайн үед даралт бууруулах 2-3 бүлгийн хослол эмийг өдөр бүр уухыг зөвлөж, даралтаа тогтмол хянах шаардлагатай хэмээн захив. Ах нь ирэх жилээс боломж гарвал хот газар бараадаж оношлуулж эмчлүүлэх болно гэж хэлдэг байлаа. Энэ явдалаас хойш 2 жилийн дараа сураг сонсоход ах гудамжинд зогсож байгаад өнхөрч унаад нас барсан болохыг сонсоод надад их зүйл бодогдож билээ. Сүүлд бодож суухад ахад сайн зөвлөгөө өгч, даралт буулгах 2-3 бүлгийн эмийг заавал ууж даралтаа байнга хянах ёстой гэж ар гэр, үр хүүхдэд нь сайн захисан бол амьд байх болов уу хэмээн харуусал төрдөг юм.

Тэгвэл артерийн даралт ихсэх өвчин гэж юу вэ?

Артерийн даралт гэдэг бол артерийн судсан дотор урсаж буй цус ханандаа үзүүлэх даралтыг хэлнэ. Зүрх агших үед үүсэх даралтыг дээд (систол), зүрхний буулчин сулрахад доод (диастол) даралт үүсдэг. Артерийн даралт насанд хүрсэн эрүүл хүнд 120/80 орчим байдаг. Хэрвээ артерийн дээд даралт >140 мм.муб эсвэл доод даралт >90 мм.муб1 их байвал даралт ихсэх эмгэг хэмээн ойлгож болно. Гэхдээ артерийн даралт их тогтворгүй хэлбэлзэж байдаг үзүүлэлт. Яагаад гэвэл бид айх, гүйх, уурлах, баярлах зэрэг биеийн ачаалал, сэтгэл хөдлөл бүрт хэлбэлзэн өөрчлөгдөж байдаг. Харин артерийн даралт ихсэх өвчний үед судасны хананд үзүүлэх даралт тогтмол өндөр байхыг хэлнэ. Уг эмгэгтэй хүн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, даралт бууруулах эм уух шаардлагатай.

Артерийн даралт ихсэх өвчнийг яагаад чимээгүй алуурчин гэх болов?

Аливаа өвчин бүрт өвөрмөц шинж тэмдэг, зовиур гэж байдаг. Тухайлбал, ханиад томууны үед ханиалгах, халуурах, бие жихүүцэх, нус гоожих шинж тэмдэг илэрнэ. Харин артерийн даралт ихсэх өвчин ихэнх тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Цөөнх хувьд толгой өвдөх, амьсгал бачуурах, хамраас цус гарах зэрэг зовиур ажиглагддаг боловч эдгээр нь хүнд үе шат эсвэл даралт ихсэх өвчний кризын үед ажиглагдана. Шинж тэмдэггүй илрэхгүйгээр чимээгүй бай эрхтэнийг гэмтээж, улмаар гэнэт хүндрэлд хүргэдэг. Жишээлбэл, артерийн даралт ихсэх өвчний хяналт муу бол тархинд цус харвах эмгэгээр хүндрэх магадлал өндөр юм. Иймд, артерийн даралт ихсэх өвчнийг чимээгүй алуурчин хэмээн цоллодог.

Артерийн даралт ихсэх өвчний хүндрэл амь насанд аюултай

Артерийн даралт ихсэх өвчний үед судасны хана, шахаж буй зүрхэнд эсэргүүцэл их учирдаг. Энэ их эсэргүүцэлд дасан зохицохын тулд зүрхний булчин томорч, судасны хана хатуурч уян хатан чанар алдагдана. Эдгээр өөрчлөлтийн улмаас тодорхой эрхтэн илүүтэй гэмтдэг. Үүнийг бид бай эрхтэн хэмээн нэрлэнэ. Үүнд: зүрх, тархи, нүд, гол судас, бөөр зэрэг эрхтэн ордог.

Хэрвээ артерийн даралт тогтмол өндөр байвал ачааллын улмаас зүрхний булчин томорч, хөндий тэлэгдэнэ. Шалтгаант хүчин зүйл арилахгүй бол хүндэрч зүрхний шигдээс, дутагдал үүсдэг. Иймд, артерийн даралт ихсэх эмгэгтэй хүн нас барах эрсдэл харьцангуй эрүүл хүнээс 3 дахин их байна. Харин судасны ханын уян хатан чанар алдагдахад судас хатуурах, хагарах эрсдэлтэй. Тухайлбал, тархины судас даралт ихсэх эмгэгийн үед хагарч цус харвалт үүснэ. Судас хагарч цус харвалт үүсэхэд тархины эрүүл хэсэг дарагдаж хөдөлмөрийн чадвар алдагдах, хөгжлийн бэрхшээлтэй болдог. Нүд, бөөр зэрэг эрхтэн бичил судсаар баялаг учраас судасны хана гэмтэхэд үйл ажиллагааны алдагдалд хүрдэг. Улмаар нүдний хараа муудах, бөөрний дутагдалд гүнзгийрэх эрсдэлтэй. Ховор тохиолдолд гол судасны хана судас хатууралд ихээр өртсөнөөс хана хуурах, цуурах байдлаар аневризм үүсч болдог.

Монгол оронд артерийн даралт ихсэх өвчний хүндрэл илүүтэй тохиолддог.

Ойролцоогоор дэлхийд насанд хүрсэн 3 хүн тутмын нэг нь артерийн даралт ихсэх өвчинтэй байдаг. Монголд ч мөн адил элбэг тохиолддог ба 45 дээш насны 2 хүн тутмын нэг нь эмгэгтэй. Харин артерийн даралт ихсэх өвчний хүндрэл болох тархинд цус харвах эмгэг маш элбэг тохиолддог. Тархинд цус харвах эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, нас барах эрсдэл өндөр байдаг. Судалгаагаар Монгол хүн артерийн даралт ихсэх эмгэгтэйгээ мэддэг мөртлөө 10 хүн тутмын 7 нь ямар нэг даралт бууруулах эм хэрэглэдэггүй, зөвхөн 2 нь алдаг оног эм уудаг, дунджаар зөвхөн нэг хүн л эмээр уг өвчнөө хянаж чадаж байна2. Энэ Монгол хүнд эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу, эдийн засгийн боломжгүй зэрэг олон хүчин зүйл нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Ийм учраас тархинд цус харвах эмгэгээр Монгол орон дэлхийд 1-2 байрыг эзлэж байна.

Эм уухгүйгээр артерийн даралтыг бууруулах боломж бий юу?

Артерийн даралт ихсэх өвчинтэй хэмээн оношлогдсон бол хүндрүүлж бодох хэрэггүй. Энэ эмгэг дадал зуршил, зан үйлтэй салшгүй холбоотой учраас эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, амьдралын зөв хэв маягт суралцах нь маш чухал. Артерийн даралт ихсэх өвчний хүндрэл болох тархинд цус харвах эмгэгээр манай орон дэлхийн улс орнуудын 1-2 байрыг эзэлдэг. Энэ бол артерийн даралт ихсэх өвчний хяналт маш муу байгаагийн тод жишээ юм. Хүндрэл ихсэхэд Монгол орны газарзүй, уур амьсгалын онцлог, хувь хүний дадал зуршил, зан үйлийн онцлог, хүн амын эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж муу, эдийн засгийн байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Хэрвээ идэж буй хоол нь давс, өөх тос багатай, эслэг болон жимс жимсгэнэ их хэрэглэвэл артерийн даралт ихсэх эмгэгтэй хүний даралт -11 мм.муб буурна. Идэвхтэй дасгал хөдөлгөөн биеийн жингээ хасвал 1 кг тутамд 1 мм.муб буурч улмаар >10 мм.муб буурдаг юм байна. Эрсдэлт болон шалтгаант хүчин зүйлийн нөлөөгөөр артерийн даралт ихэсдэг. Хэрвээ эрүүл хоол, хөдөлгөөн зэрэг дадал зуршил, зан үйлээ өөрчлөөд артерийн даралт уухгүй бол даралт бууруулах эм уух шаардлагатай.

Артерийн даралтыг өдөр бүр хянаж, эм уух учир нь

Артерийн даралт бууруулах эмийг өдөр бүр тогтмол уух хэрэгтэй гэхэд хүмүүс гайхдаг. Өдөр бүр уухгүй байх шалтгааныг янз янзаар тайлбарладаг. Тухайлбал, Даралт бууруулах эм уухаар даралт ойрын хугацаанд ихэсдэггүй. Тэгээд толгой өвдөх, шилэн хүзүү хөших зовиур илрэхэд даралт ихэссэн хэмээн ойлгож даралт бууруулах эмээ уудаг гэдэг. Үүнд хэд хэдэн буруу ойлголт байна. Нэгд, даралт ихсэхээр эм уух нь зөв боловч даралт бууруулах эмийн үйлчилж эхлэх хугацаа 2-3 цаг байдаг. Энэ хооронд бай эрхтэн гэмтэх, хүндрэл үүсэх эрсдэл өндөр. Хоёрд, шинж тэмдэг илрэхээр даралт ихэссэн гэж мэдэх нь их учир дутагдалтай. Шинж тэмдэг ихэвчлэн артерийн даралт огцом хэт өндөр болох буюу даралт ихсэх эмгэгийн кризын үед ажиглагдана. Огцом өндөр хэмжээнд хүрэхгүй бол тэр бүр шинж тэмдэг илэрдэггүй. Иймд, даралтны аппаратаар хянаж даралт бууруулах эмийн өдөр бүр, тогтмол цагт ууж байх шаардлагатай билээ. Шинж тэмдэг илрэхгүй, хөдөлмөрийн чадвар буурахгүй эмгэг болохоор даралт бууруулах эмийг өдөр бүр ууна гэдгийг тэр бүр анхаардаггүй. Артерийн даралт ихсэх эмгэгийн хяналт муу, удаан хугацаагаар өндөр түвшинд байх нь бай эрхтний гэмтлийг гүнзгийрүүлэх, улмаар тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсэх, нүдний хараа муудах, зүрх болон бөөрний дутагдал гүнзгийрэх эрсдэл ихэсдэг.