Стив Жовсын хорт хавдар эмчлэгдэх боломж байсан уу?

Өмнөх нийтлэлийн үргэлжлэл …

Нойр булчирхайн хорт хавдар (нейроэндокрин) хожуу үе шатанд эмчлэгдэх боломж хомс боловч эхний үе шатанд оношлогдвол эмчлэгдэх боломжтой юм. Тухайлбал, нойр булчирхайн хорт хавдар зэргэлдээх эрхтэн рүү нэвчиж ургаагүй, үсэрхийлэл өгөөгүй, хавдарын хэмжээ <10см-ээс бага бол мэс заслын аргаар төгс эмчлэгдэх магадлал их байдаг. Харин Стив Жовсын хувьд энэ үе шатаас хожуу оношлогдсон учраас нойр булчирхайн хорт хавдар нь зэргэлдээх эрхтэн рүү нэвчсэн, үсэрхийлэл өгсөн байв. Энэ үе шатанд мэс засал хийхэд хүндрэлтэй, эмчилгээний үр дүн бага байдаг. Энэ байдлыг Стив Жовс ойлгоод мэс засалд орохыг 9 сар хойшлуулах шийдвэр гаргасан.

Стив Жовс ба нойр булчирхайн хорт хавдар

Стив Жовсын хорт хавдар үсэрхийлсэн учраас эмчлэхэд их төвөгтэй байсан.

Ер нь хорт хавдар бусад эрхтэн рүү үсэрхийлэл өгсөн бол өвчтөний амьдрах чадвар илт буурдаг. Харин Стив Жовсын хувьд нойр булчирхайн (нейроэндокрин) хорт хавдар зэргэлдээх эрхтэн рүү нэвчихээс гадна элгэнд үсэрхийлэл өгч хүндэрсэн байв. Элгэнд хорт хавдар үсэрхийлсэн үед элэгний судас бөглөх эмчилгээнээс гадна мэс заслаар авах боломжтой. Улмаар 2009 онд Стив Жовсд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийв. Харамсалтай нь, нойр булчирхайн хорт хавдар шилжүүлэн суулгасан элэг рүү дахин үсэрхийлэл өгсөн. Энэ хүндрэлийн талаар мэдээлэл тодорхойгүй байдаг боловч элэг орчмын хэвлийн гялтан хальсанд хорт хавдар нэвчсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ төрлийн хүндрэл тохиолдсон бол элгэнд дахин үсэрхийлсэн байх боломжтой юм.

Стив Жовсд нойр булчирхайн хорт хавдарын мэс заслын үр дүн бага учраас хими эмчилгээг зөвлөсөн байдаг. Хими эмчилгээний үндсэн зарчим бол эсийн хуваагдлыг дарангуйлах замаар хавдарын эсийн хуваагдлыг дарангуйлна. Хими эмчилгээ бол үсэрхийлсэн хавдартай өвчтөний амьдрах чадварыг нэмэгдүүлэх давуу талтай.

Сүүлийн үед нойр булчирхайн (нейроэндокрин) хорт хавдарын хими эмчилгээнд sunitinib ба everolimus эмийг өргөнөөр ашиглах болсон. Sunitinib эм нь хавдрын эсийн үсэрхийлэх үеийн дохио дамжилтын гинжин урвалын гол уураг болох тирозин киназаг хориглодог. Харин everolimus нь mTOR болон бусад дохио дамжуулах замуудыг саатуулж хавдарын эсийг дарангуйлна. Стив Жовсын хувьд нойр булчирхайн хорт хавдар хожуу шатанд оношлогдсоноос хойш бүхэл бүтэн 8 жил амьдарсан байдаг. Энэ хугацаанд химийн эмчилгээ чухал ач холбогдолтой нөлөө үзүүлэхээс гадна дээрх эмүүдийг хэрэглэсэн байх боломжтой хэмээн Доктор Х.Кулке эмч дурьджээ.

Стив Жовсын ачаар sunitinib ба everolimus эмийн судалгаа эрчимтэй хийгдсэн байх магадлалтай.

Нойр булчирхайн хорт хавдарын үед sunitinib ба everolimus эмийг эмчилгээнд хэрэглэсэн талаар Стив Жовсын намтарт дурьдагдаагүй байдаг. Гэвч амьдралын төгсгөлд хэрэглэж байсан тухай таамаглал байдаг. Стив Жовс хорт хавдартай байх хугацаанд sunitinib ба everolimus эмийг нойр булчирхайн хорт хавдарын үед хэрэглэх судалгаа эрчимтэй хийгдсэн байдаг. Стив Жовс өвчилсөн нь нойр булчирхайн (нейроэндокрин) хорт хавдарын үед sunitinib ба everolimus эмийг эмнэлзүйд хэрэглэхэд томоохон түлхэц үзүүлсэн хэмээн зарим нэг эх сурвалж дурьдсан. Гэхдээ энэ талын мэдээлэл нууцын зэрэглэлтэй учраас хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүнээс хойш нойр булчирхайн хорт хавдарын эмчилгээний шинэ чиг хандлага бол sunitinib, everolimus эм болсон юм. Улмаар 2011 онд АНУ-ын FDA байгууллагаас нойр булчирхайн нейроэндокрин хорт хавдрын үед sunitinib (Sutent) ба everolimus (Afinitor) эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Энэ эмийг хэрэглэснээр молекулын түвшинд хорт хавдрын эсийн хуваагдлыг дарангуйлах давуу талтай. Сүүлийн үеийн судалгаагаар sunitinib ба everolimus эм нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээнд шинэ боломжийн бий болгосон хэмээн үздэг.

Нийтлэлд ашигласан эх сурвалж: Harvard Health Publishing