Unsick podcast #3: Шүдний эмнэлэг элэгний В, С вирусын халдварыг тараах боломжтой юу?

Манай хамт олон эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх мэдээллээ цуврал подкастаар дамжуулан та бүхэнд хүргэж байгаадаа туйлын баяртай байна. Unsick podcast-ийг сонсож эрүүл амьдралыг дадал болгоорой.

Монгол улсад “Эрүүл хүүхэд, Эрүүл шүд” үндэсний хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр 0-12 насны хүүхэд 200 гаруй шүдний эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа юм. Одоогийн байдлаар уг хөтөлбөрт 35000 гаруй хүүхэд хамрагджээ. Энэ хөтөлбөрын ач холбогдол их боловч элэгний В, С вирусын халдварын тархалтыг нэмэгдүүлэх магадлалтай гэдгийг тал бүрээс сайн анхаарах хэрэгтэй.

Тэгвэл өнөөдрийн подкастаар шүдний эмчилгээ, ажилбар хийлгэхэд элэгний В, С вирусын халдвар дамжих боломжтой эсэхэд хариулт өгөхөөр чансаа өндөртэй “The Journal of Gastrointestinal and Liver Diseases” сэтгүүлд хэвлэгдсэн “Dental Treatment as a Risk Factor for Hepatitis B and C Viral Infection. A Review of the Recent Literature” судалгааг эх сурвалж болгон ярилцлаа. Тус  судалгаа нь дэлхийн 17 оронд хийгдсэн элэгний В, С вирусын халдвар дамжих замыг судалсан 667 өгүүллээс 53 судалгааг сонгон авч, харьцуулан судалсан байна. Эдгээр судалгаанаас шүдний эмчилгээ хийлгэхэд элэгний В, С вирусын халдвар дамжих магадлал харилцан адилгүй учраас яг халдвар дамжиж байна гэж үзээгүй юм.

Гэхдээ Пакистан, Египет, Вьетнам, Бразил, Иран, Итали зэрэг улсуудын судалгаанд шүдний эмчилгээ хийлгэхэд элэгний В, С вирусын халдвар дамждаг хэмээн үр дүн гарсан. Харин зарим улсуудын судалгаанд элэгний В, С вирусын халдвар дамжихгүй зэрэг үр дүн гарсан нь тухайн улсын шүдний эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд тавигдах стандарт, хяналт зэрэгтэй холбоотой гэсэн байдаг. Тийм болохоор шүдний эмчилгээ хийлгэхэд халдвар дамжина гэж үзэж болохгүй, халдвар дамжихгүй хэмээн орхиж болохгүй юм. Элэгний В, С вирусын халдвар дамжих замын эрсдэл өндөртэй ангилалд шүдний эмчилгээ ордог болохыг анхаарах ёстой.

Элэгний В вирусын (HBV) хувьд вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой учраас халдварын тархалтыг хязгаарлах боломжтой. Харин элэгний С вирусын (HCV) халдвараас сэргийлэх вакцин байдаггүй учраас халдвар дамжуулах эх үүсвэрүүд дээр сайн хяналт тавих хэрэгтэй. Энэ шалтгааны эх үүсвэрт шүдний эмнэлэг ордог. Иймд нэг талаас шүдний эмнэлгийн эрхлэгч, ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан нь эмнэлгийнхээ ариутгал, халдваргүйжүүлгийн асуудлыг сайн анхаарч, нөгөө талаас хүүхдийнхээ шүдийг эмчлүүлж буй эцэг эхчүүд хяналт тавих хэрэгтэй. Энэ хоёр талын хяналт сайжирвал шүдний эмчилгээ хийхэд элэгний В, С вирусын халдвар дамжуулах магадлал багасдаг болохыг судалгаанд дурьдсан байдаг. Хэрвээ сайн хянаж чадвал өндөр хөгжилтэй орон болох Америк, Австрали зэрэг орнуудад халдвар дамжаагүй байна. Тэгэхээр шүдний эмчилгээ хийлгэхэд элэгний В, С вирусын халдвар дамжуулдаг хэмээн туйлширч болохгүй. Гол нь халдвар дамжих эрсдлийг хянаж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

“Эрүүл шүд, Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг шүүмжлэхээсээ илүүтэйгээр шүдний эмнэлгийн эмч, ажилтанууд анхааралдаа авч, шүдээ эмчлүүлж буй хүүхдийн эцэг эхчүүд элэгний В, С вирус халдвар дамжих боломжтой гэдгийг ойлгуулах үүднээс энэхүү подкастыг бэлтгэсэн болно.

Эрүүл шүдтэй байна гэдэг бол эрүүл амьдрах наад захын хэрэгцээний нэг байдаг. Эрүүл шүдтэй байхад амны хөндий эрүүл, ашигтай бактер өсөх таатай орчинг бүрдүүлж хоол боловсруулах замд сайнаар нөлөөлдөг зэрэг эрүүл мэндэд нөлөөлөх сайн тал олон байдаг.

Эцэст нь хэлэхэд Монголын орны ирээдүй болсон хүүхэд бүр эрүүл өсөж торних болтугай хэмээн хүсэх байна. Хүн эрүүл мэндийнхээ нэг л зүйлд ялангуяа ил байдаг эрхтэнийхээ эрүүл мэндэд маш сайн анхаараад ирэхлээр бусад эрхтэнийхээ эрүүл мэндийн асуудал дээр сайн анхаардаг дадалтай болчихдог. Тэгэхээр энэ дадлыг “Эрүүл шүд, Эрүүл хүүхэд” хэмээх хөтөлбөрөөр дамжуулан суулгаж өгвөл ирээдүйд өөрийнхөө эрүүл мэндийг сайн анхаардаг иргэн болж төлөвших болно.

Дэлгэрэнгүй ярилцлагыг Unsick podcast-ыг дагаж сонсоорой.
Unsick podcast #3-ыг сонсож болох суваг:
Apple podcast
Google podcast
Stitcher
Anchor
Castbox
Radiopublic

Эх сурвалж (дараах линкээс татаж авах боломжтой):
Mahboobi N, Porter SR, Karayiannis P, Alavian S. Dental Treatment as a Risk Factor for Hepatitis B and C Viral Infection. A Review of the Recent Literature. J Gastrointestin Liver Dis, 2013. 22(1): 79-86