Unsick podcast #14: Цусанд агуулагдах өөх тосны хэмжээгээ мэдсэнээр зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлье.

Монголчууд бид эрт дээр үеэсээ махсаг ард түмэн. Идэж буй хоолоо махгүйгээр төсөөлөхөд бэрх. Ялангуяа өдөр тутмын хоол хүнсэндээ 5 хошуу малынхаа махыг өргөн хэрэглэдэг. Эдгээр нь амьтаны гаралтай ханасан өөх тосыг их хэмжээгээр агуулна. Тэгэхээр бид нар мах идэхийн хажуугаар ханасан өөх тосыг элбэг хэрэглэдэг гэсэн үг. Ханасан өөх тосыг хоол хүнсэндээ хэтрүүлэн байнга хэрэглэхэд цусанд өөх тос ихэсч биеийн жин нэмэгдэхийн зэрэгцээ зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэх эмгэг, зүрхний ишеми өвчнөөр өвдөх эрсдэл хэдэн арав дахин нэмэгддэг. Өнөө үед цусанд агуулагдах өөх тосны хэмжээг мэдэх бүрэн боломжтой. Ялангуяа цусанд агуулагдах нийт холестерол, триглицерид, их ба бага нягтралтай липопротейн зэргийг мэдэж цусанд агуулагдах өөх тосны хэмжээг үнэлнэ.

Өөхтэй мах идэхэд улаан хоолойгоор дамжин ходоодонд орно. Ходоодонд уураг боловсордог бол нарийн гэдсэнд өөх тос боловсорч шимэгдэнэ. Өөх тос нарийн гэдэсний эхлэл хэсэг болох 12 хуруу гэдсэнд ороход цөсний хүүдийгээс цөс ялгарч өөх тосыг цийдмэгшүүлнэ. Нойр булчирхайнаас ялгарсан липаза хэмээх фермент өөх тосыг задалж цусанд шимэгдэхэд бэлэн болгоно.

Эмнэлзүйн практикт цусанд агуулагдаж буй өөх тосын хэмжээг нийт холестерол, триглицерид, бага ба их нягтралтай липопротейн хэмээх 4 үзүүлэлтээр үнэлдэг.

Триглицерид бол нарийн гэдсэнд липаза ферментээр задарсан өөх тосны гол бүрэлдэхүүн хэсэг. Булчингийн эд эс нь өөх тос болох триглицеридыг ашиглан их хэмжээний энерги үүсдэг. Энэ энергийн тусламжтайгаар булчин агшиж хүний бие хөдлөх боломжийг олгоно.

Бага нягтралтай липопротейн (БНЛП/ LDL): Үүнийг бид “муу холестерол” хэмээн нэрлэдэг. Энэ муу холестерол нь триглицеридийг булчингийн эд эсэд зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг. Муу холестерол болох БНЛП нь артерийн судасны доторх давхаргад хуримтлагдан судас хатуурлыг бий болгоно. Судас хатуурал үүссэнээр судасны доторх хөндий багасч эд эрхтэнд очих цусан хангамжийг хязгаарладаг. Тухайлбал, зүрхийг тэжээх титэм судас хатуурахад ишеми өвчин үүссэнээр зүрхний цочмог шигдээс үүсэх эрсдэлтэй болно.

Их нягтралтай липопротейн (ИНЛП/ HDL): үүнийг “сайн холестерол” хэмээн нэрлэдэг. Сайн холестерол нь захын эд эсээс элэг рүү триглицерид зөөвөрлөх буюу судас хатуурлын эсрэг үйлдэлтэй. Бид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд сайн холестеролын хэмжээ ихсэнэ.

Нийт холестерол: Сайн ба муу холестролын нийлбэр юм. Энэ нийт холестролын ихэнх хэсгийг БНЛП буюу муу холестерол бүрдүүлдэг учраас цусанд агуулагдах нийт холестролын түвшин ихсэхэд зүрх судасны эмгэгээр өвдөх эрсдэл нэмэгдэнэ.

Цусанд агуулагдах эдгээр өөх тосны үзүүлэлтийг яаж мэдэх вэ?

Бидний венийн цуснаас дээж авч, биохимийн аппарат ашиглан уншуулж мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл венийн цус буюу цусанд агуулагдах өөх тосны үзүүлэлтийн түвшинг үнэлдэг. Бид өөх тостой мах хоол хүнсэндээ хэрэглэдэг учраас боломжтой үедээ цусанд агуулагдах холестерол, триглицерид, БНЛП, ИНЛП хэмжээг мэдэх нь маш чухал ач холбогдолтой. Цусанд агуулагдах холестерол, триглицерид, БНЛП хэмжээ ихсэхэд судас хатуурал үүсэх, чихрийн шижингээр өвдөх, артерийн даралт ихсэх, титэм судасны эмгэгээр өвчлөх зэрэг эрсдлийг нэмэгдүүлдэг. Статистик тоо баримтаас харахад Монголчууд бид тархинд цус харвах эмгэг, артерийн даралт ихсэх эмгэг, зүрхний ишеми өвчнөөр аш их өвчилж, улмаар залуу насандаа нас барж байна. Ийм учраас цусанд агуулагдах өөх тосны үзүүлэлтийг мэдэж авсанаар бид эдгээр эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчлөх эрсдлийг бууруулах, хянах боломжтой. 

Өөх тосны шинжилгээг яаж өгөх вэ?

Улаанбаатар хотод цусанд агуулагдах өөх тосны үзүүлэлтийг маш олон лаборатори, улсын ба хувийн эмнэлэгт энэ шинжилгээг хийх бүрэн боломжтой. Энэ шинжилгээг өгөхөөс 12 цагийн өмнө өөх тостой хоол идэж болохгүй, өлөн үедээ шинжилгээг өгнө. Яагаад гэвэл бид хоол идэхэд цусанд агуулагдах триглицеридийн түвшин нэмэгддэг. Гарынхаа венийн цуснаас маг бага хэмжээний цус өгөөд мэдэх бүрэн боломжтой.

Харвардын их сургуулийн профессор Хемффиллын зөвлөмж

Профессор Хемффилл энгийн зөвлөмжийг зөвлөсөн байдаг. Цусанд агуулагдах өөх тосыг бууруулахад тийм бэрхшээлтэй зүйл биш. Нэгд, бид нэн тэргүүнд гаднаас орж ирж буй өөх тосны хэмжээг багасгах хэрэгтэй. Ялангуяа амьтны гаралтай өөх тосыг байнга хэтрүүлэн хэрэглэхгүй, зөв зохистой хэрэглэвэл сайн. Хоёрт, цусанд агуулагдах өөх тосыг задлах үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Ялангуяа та бид идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийснээр бодисын солилцоо эрчимжиж булчингийн эд эс өөх тосыг шатааж зарцуулж байдаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол бид нарын ойр зуурын ажил хийх, алхах зэрэг бол биш. Харин амьсгал, зүрхний цохилтын тоо нэмэгдсэн, бодисын солилцоо эрчимжиж хөлс гаргах хөдөлгөөнийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хэмээн ойлгодог.

Энэ мэдээллийг дэлгэрэнгүй сонсох бол Unsick подкастаас сонсоорой.

Unsick podcast
Apple podcast
Google podcast
Spotify
Stitcher
Anchor
Castbox