Unsick podcast #15: Хүн төрөлхтний мянган жилийн харуусал

Ийм сэдвээр дугаар бэлтгэсэндээ бага зэрэг санаа зовниж байна. Энэ дугаараар мансууруулах бодис буюу хар тамхины талаар өгүүлэх болно. Мансууруулах бодисын хор уршигийг хүн төрөлхтний түүх харуулдаг. Яагаад гэвэл мансууруулах бодист донтсон хүн ямар нэг зүйлээр орлуулж болшгүй хараат байдалд орж, улмаар бие ба сэтгэц тухайн мансууруулах бодисыг үгүйлж гүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай. Энэ гүн өлсгөлөн байдлаа тайлахын тулд өөртөө хяналт тавих чадвар алдагдах, зан авир өөрчлөгдөх, гэмт хэрэг үйлдэх зэрэг нийгэмд аюултай зүйлийг ар араасаа дагуулна. Ийм учраас энэхүү подкастын дугаараараа 1) Сэтгэц ба бие махбодын хараат байдал гэж юу вэ?, 2) Яагаад хүн мансууруулах бодист донтдог вэ?, 3) Хар тамхинд донтсон бол ямар хор уршиг дагуулдаг вэ? зэрэг 3 асуултанд дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Хүний бие оршин тогтнох, эд эс үйл ажиллагаагаа явуулахын тулд амин чухал хэрэгцээ гэж байдаг. Үүнийг биологийн хэрэгцээ хэмээн нэрлэдэг. Агаараар амьсгалах, хоол идэх, ус уух, бие засах зэрэг бол биологийн анхдагч хэрэгцээ юм. Энэ биологийн хэрэгцээ хүний бие махбод, эд эсийг хараат байдалд оруулсан байдаг. Тухайлбал, ус уухгүйгээр ам цангаж, бодисын солилцоо явагдахгүй болж хэвийн үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн бэршээл учирна. Харин хүний бие төрөлхийн биологийн хэрэгцээнээс гадна бие махбод амьдрах явцад олдмол хэрэгцээ бий болсон байдаг. Жишээ нь, тамхинд донтсон буюу тамхичин этгээд никотин хэмээх бодисын хараат байдалд орж болдог. Тамхинд агуулагдах никотины хараат байдлын хам шинж үүссэн учраас бие болон сэтгэц нь никотиноор өлсөж эхэлнэ.

Хүн хар тамхинд донтсон бол сэтгэц ба бие махбодын талаас мансууруулах бодисын гүн өлсгөлөнд нэрвэгдэж үгүйлэх хүсэл цаг үргэлж төрнө. Энэ үгүйлэх хүслээ тайлахын тулд ямар нэгэн аргаар олж хэрэглэх арга замыг хайж эхэлдэг. Мансууруулах бодисыг олж авсан бол хэрэглэж мансуурах буюу эмгэг дур авдаг. Энэ үгүйлэх, хэрэглэх, мансуурах зэрэг циклд орсон бол донтсон хэмээн тодорхойлж болно.

Мансууруулах бодисыг сонирхож хэрэглэх, үл ялих шалтгаанаар хэрэглэх, зовнил шаналалаа тайлах зорилгоор хэрэглэж хэрхэвч болохгүй. Хар тамхи бол хөлгүй далайтай яг адилхан бид нэг л хөл алдсан бол шууд живэх аюултай. Хүн хөнгөн зэргийн хараат байдал үүсгэдэг аливаа зүйлийг ухамсарт ухаанаараа хянаж зарим үедээ хэрэглэхгүй байж чадна. Өөрөөр хэлбэл гүехэн усанд хэр зэрэг явахаа мэддэг учраас цаашид хянах чадвартай байдаг. Харин мансууруулах бодис бол үүнээс тэс өөр зүйл, тэр юу вэ гэвэл үгүйлэх дур хүслээ дарах, ухамсарт ухаанаараа өөрийгөө захирах, хэрэглэхээ болих гэсэн ойлголт байхгүй учрааэс маш их аюултай. Яагаад гэвэл никотины хараат байдлаас хэдэн арав дахин хүчтэй эрхшээлд оруулж хүний бие ба сэтгэцийг мансууруулах бодисын гүн өлсгөлөнд оруулна. Энэ өлсгөлөн байдлыг ухамсарт ухаан, бие махбод тэвчиж хорьж дийлэхгүй учраас хэрэглэхийн тулд ямар ч үйлдэл хийх аюултай болж эхэлдэг.

Мансууруулах бодисыг маш аюултай хор уршигтай гэдгийг улс орон, үндэстэн зэрэг хүн төрөлхтөний түүх харуулдаг. Яагаад гэвэл хар тамхичин хүн сэтгэц ба бие махбодид үүссэн тэр их өлсгөлөн мэдрэмжийг тайлахын тулд өөртөө хяналт тавих чадвар алдагдах, зан авир өөрчлөгдөх, гэмт хэрэг үйлдэх зэрэг нийгэмд аюултай үйлдлийг ар араасаа дагуулна. Өөрөөр хэлбэл энэ эмгэг дур хүслээ тайлахын тулд хүн араатан болж хувирдаг хэмээн хэлж болно. Ном зохиолд мансууруулах бодисыг хүн төрөлхтөний мянган жилийн харуусал гэж ихээр бичиж жигшсэн байдаг нь учиртай биз ээ.

Ийм нийгэмтэй улс орон үндэстэнээрээ ядуу тарчиг, гэмт хэргийн тохиолдол маш их, амьд явах эрх хязгаарлагдсан зэрэг олон муу үр дагавартай. Эцэст нь, улс үндэстэн үр хойчийнхоо гэрэлт ирээдүйг бий болгохын тулд мансууруулах бодистой маш их хүчтэй тэмцдэг, хар тамхитай холбоотой хууль дүрэм маш чанга байдаг байна. Бид үр хойчдоо эрүүл саруул гэрэлт ирээдүйг бий болгохын төлөө хүн бүрийн хүчин чармайлт маш их хэрэгтэй.

Эх сурвалж: С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. 2013 он

Дэлгэрэнгүй мэдээллийг Unsick подкастаас сонсоорой.

Apple podcast
Google podcast
Spotify
Stitcher
Anchor
Castbox