Цээжээр хатгаж өвдсөн бүр зүрхний зовиур биш!

Зүрхний эмгэг ихэвчлэн амьсгаадах, амьсгал бачуурах шинж тэмдэгтэй хавсрах нь олонтаа. Яагаад гэвэл зүрх шахуургын үүрэг гүйцэтгэдэг. Зүрхний үйл ажиллагаа ба бүтцэд эмгэг өөрчлөлттэй бол шахуургын үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдох нь элбэг. Иймд шахуургын үйл ажиллагааны алдагдалаас болоод эд эрхтэнд очих цусан хангамж буурсаны улмаас хүчилтөрөгч ба тэжээлийн бодисын дутагдал болдог.

Түүнд хүн дасан зохицохын тулд хүний бие организм амьсгал олшрох эсвэл гүнзгий болгох зэрэг дасан зохицох урвал өрнөнө. Энэ дасан зохицох урвалын үр дүнд амьсгаадах эсвэл амьсгал бачуурдаг шинж тэмдэг илэрдэг. Харин зүрхний ойр орчмын нуруу, хавирганы мэдрэлийн эмгэг өөрчлөлт бол байрлал, хөдөлгөөнтэй холбоотойгоор өвдөлтийн эрчим өөрчлөгдөнө. Тиймд зүрхний өвдөлт илрэхийн зэрэгцээ амьсгаадах, амьсгал бачуурах зовиур илэрвэл хойшлуулахгүй зүрх судасны эмчид үзүүлэх хэрэгтэй.